Аялал, зугаалгын улирал ирж гадаад орныг зорих гэсэн иргэд валют солиулахаар “Найман шарга” төвийг зорих нь ихэсчээ. Тус төвийн гадаа маск зүүсэн, тэвхийсэн мөнга атгасан ахимаг насны эмэгтэйчүүд “За доллар солино шүү, хэдийг солих уу” хэмээн ам уралдан асууж байна.
Өнөөдрийн байдлаар тус төвд нэг ам.долларыг 3124 төгрөгөөр авч, 3126 төгрөгөөр зарж байлаа. Ам.долларын ханш энэ оны хоёрдугаар сард 2856 төгрөг байсан бол өнөөдөр 270 төгрөгөөр нэмэгджээ.
Хэдий төгрөгийн ханш суларч, үнийн хөөсрөл, инфляцийн өсөлт иргэдийн амьдралд дарамт болсон ч валют арилжааны төв энэ жил “амь” оржээ. Өнгөрсөн жилийн мөн үед цар тахлын улмаас хил хааллтай учир ам.долларын ханш тогтвортой, ченжүүд “тэг зогссон” бол өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй, бүгд л их бага хэмжээгээр үйлчлүүлэгчтэй байна. Хил нээгдсэнээс хойш гадаадын улс орнуудыг зорих иргэдийн урсгалыг дагаж валют худалдааны ченжүүдийн орлогын үүд нээгдэх шалтгаан нь болсон байна. Ам.долларын ханш өссөнөөр иргэд төгрөгийн хадгаламжаа ам.долларынх болгох нь ихэссэн гэдгийг ченжүүд ярьж байна.
АМ.ДОЛЛАРЫН ХАНШ СҮҮЛИЙН НЭГ САР ТОГТВОРТОЙ БАЙНА
Сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын ханш тогтвортой байгааг “Найман шарга” худалдааны төвийн ченж С.Батжаргал хэлж байна. Тэрбээр “ам.долларын ханш сүүлийн нэг сарын хугацаанд тогтвортой байна. Евро, иен, фунт, австрали, швейцарийн франк ханшийн уналттай байна. Европоос жуулчид орж ирээгүй жаахан уналттай байна. Юанийн хувьд Хятад, Америкийн худалдааны бодлого, зөрчлөөс шалтгаалан ханш савлагаатай байгаа. Жишээ нь 470, байснаа 465, тэгээд 475 болчихлоо. Рублийн ханш ойрдоо жаахан өссөн. ОХУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас ханш нэлээд суларсан байсан. Одоо эргээд чангарч байна.
Аялал жуулчлалын улирал эхэлсэн ч Европ, Азийн иргэд төдийлөн орж ирэхгүй байгаа. Дотоодын аялал жуулчлал эхэлчихсэн, хүмүүс хөдөө явчихдаг учраас ам.доллар, юань авах нь бага байгаа. Турк руу хүмүүс ихэвчлэн ам.доллар авч явах нь түгээмэл.
Ер нь ам.долларын ханш 2850 байж байгаад эрс өссөн. Тэрнээс хойш, ам.доллар өснө гэсэн сургаар хүмүүс, мөнгөн хадгаламжаа ам.доллар болгох сонирхол ихэссэнээс болж ханш өссөн.
Найман шарга төв валютын нөөцөд нөлөөлөх нь бага. Зах зээлийн нэг хувийг эзэлдэг. Ер нь голцуу арилжааны банк, Монголбанкны бодлогоор явдаг. Хомсдоод ирвэл ханш өснө. Монголбанкны нөөц бололцооны хэмжээнд байгаа гэж яриад байна. Гэхдээ алтны нөөц, алт тушаалтаас шалтгаалж нөөц гайгүй байх” гэлээ.
РУБЛИЙН ХАНШ ЭРГЭЭД ЧАНГАРЧЭЭ
Иргэдийн хувьд ам.долларын ханш чангарч байгаа нь хүнс, бараа, шатахуун зэрэг бүх зүйлд нөлөөлж байгааг хэлдэг. Ялангуяа өнгөрсөн нэг жилийн хугацаанд хил хаагдсан гэх шалтгаанаар орон сууц, автомашины үнэ эрс нэмэгдсэн. Тэгвэл өнгөрсөн хавар ОХУ, Украины дайны улмаас “Найман шарга” төвд Оросууд ам.доллар солиулж, нэг хүн гэхэд хамгийн багадаа 10 мянган ам.доллар солиулж байсан талаар тус төвийн ченж Н.Алтанхүү хэллээ. Тэрбээр “Украины дайны сургаар буриад , Оросууд хамгийн их ам.доллар солиулж, ченжүүд нэг нэгээсээ өрсөн, хоорондоо алалцсан. Нэг хэсэг Оросууд салахаа байсан. Ямар сайндаа зарим нь Орос руу ам.доллар зөөж байна гэхэв дээ. Тухайн үед рублийн ханш хэсэг унасан. Одоо эргээд чангарч байна” гэлээ.
Ченж нарын зүгээс “Найман шарга«-аас валют зөөгөөд дотоодын нөөцөд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг онцолж байна. Учир нь нийт дотоодын нөөцийн дөнгөж 4-5 хувь нь л “Найман шарга”-ын зах зээлд эргэлддэг гэнэ.
Сүүлийн нэг сард ам.долларын ханш тогтвортой байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төв банк валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарсан нь сүүлийн 2 жилийн хүчтэй сөрөг шокуудыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэж, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байхад үүргээ гүйцэтгэсэн. Евро, фунт стерлинг, иен гээд дэлхийн нөөцийн валютууд хүртэл сүүлийн 1 жилийн хугацаанд 2 оронтой тоогоор суларч, олон улсын зах зээл чичиргээ савлагаа ихтэй байгааг бүгд харж мэдэрч байгаа. Энэ оны хувьд экспортын гацаа л арилчихвал зэс, нүүрс, алт зэрэг манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ түүхэн өндөр түвшинд байгаа нь бидэнд боломж байгааг илтгэнэ. Төлбөрийн тэнцэл дээрх дарамтууд богино хугацаанд шийдвэрлэгдчих бүрэн боломжтой” гэжээ.
МОНГОЛБАНКНААС ЗАРЛАСАН АМ.ДОЛЛАРЫН ӨНӨӨДРИЙН ХАНШ 3120 ТӨГРӨГ
Монголбанкнаас өнөөдөр /2022.06.22/ зарласан ханшийн тухайд ам.доллар 3122 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд болох “Төрийн банк«, “Хаан«, “Голомт«, “Худалдаа хөгжлийн банк« зэрэг банкууд ам.доллар авах хүсэлтэй иргэдэд ам.доллар хэвийн олгож байгаа. Мөн худалдаа эрхлэгчдийн хүсэлтийг харгалзаж 10 мянгаас дээш ам.долларын шилжүүлгийг ч хийж эхэлжээ.
Мэдээ Долларын ханш тогтворжиж, рубль чангарчээ үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.